Би суут ухаантан биш, гэхдээ бас оройгүй тэнэг ч биш..
Гэхдээ хүмүүний ертөнцөд ганцхан удаа амьдрахдаа тэнгэрлиг хийгээд ухаалаг амьдрахуйн утга учирыг ойлгодог..
Би Бетховенг сонсголтой, Эйнштэнг сурлагатай, Эзопыг баян, Питтакийг гуалиг гэж байгааг эсэргээр, үнэнг худлаар гүтгэж бичихгүй. Гагцхүү өөрийн Эверестээс өндөр, Амазонкзаас уртад үргэлжилэн өртөөлөх үзэл бодлоо даган аялана...
Би хязгааргүй огторгуйн дундаас “урд насанд” үйлдсэн буян заяагаар “дэлхий” гэх шаналал зовлонгийн ертөнцөд жингүйдэн ирсэн хоосон сүнс биш.
Би цэвэр ариун, эрхэм нандин ижийнхээ хэвлийд аавын минь ээжид өгсөн агуу их хайрын биелэл болж бүрэлдсэн амьд хайр...
Зарим хүмүүс надад “намайг бурхан бүтээсэн гэдэг ч юмуу, бурхан бол цорын ганц бүхнийг бүтээгч эзэн мөн” гэж хэлэхэд
би гайхдаг. Яагаад гэвэл би “бурхан” гэгч хиймэл хийрхлийг биш, бодитоор намайг бүтээсэн ижий, аавыг шүтдэг. Тиймээс ч хэрэв ухаалаг, соёлтой хүмүүс бурхан шүтдэг бол би л хувьдаа бүдүүлэг амьтан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Хүн хүнээс төрсөн. Энэ үнэн. “үнэнийг эрхэмлэгчид бурхныг үзэн яддаг” Гегель Учир нь бурхан гэдэг надад чөтгөрөөс ялгаагүй. Тэгээд ч
Там диваажинд хэн ч очиж үзээгүй
Та бидний хэн ч тэндээс ирээгүй
Аймшиг, найдварын туйл болсон тэд
Амьд хүнд хий үзэгдлээс цаашгүй Абу Али Ибн Сина..
Намайг хэн нэгэн гаднаас хараад зарим нь ноомой дуугүй гэж байхад харин зарим нь хэл ам нь гүйцэгдэхгүй гэдэг.
Миний мэдлэгийн санд байгаа зүйлийн тухай хүмүүс ярихад би тэдэнтэй чөлөөтэй ярилцдаг. Харин нимгэн мэдлэгийн минь гадуур орших зүйлийг хэлэлцэхэд би дуугүй байж сонсдог. Учир нь хүний хамгийн өрөвдөлтэй зан нь мэдэхгүй зүйлээ мэдэмхийрч ярьдагт оршдог. Тиймээс ч “өөрийнхөө хэр ухаантайг ярихаасаа биш, дуугүй суухаасаа олж мэд” гэсэн үг байдаг биз. Тэгээд бодоод байхаар би тийм ч их мэдлэгтэй биш. Бас их мэдлэгтэн болж бусдад харагдахын тулд худал цэцэрхдэг хуурамч амьтан ч биш. Би “ юу ч мэдэхгүй тэнэг” гэж хэлүүлэхээс айдаггүй. Яагаад гэвэл би мэдчихсэн биш мэдэхийн төлөө явж байгаа учираас тэр.
“би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ” гэж Сократ хэлэхдээ хэн нэгний хэл амнаас айгаагүй л байгаа биз дээ...
Ингэхэд та юунаас айдаг вэ? Энэ асуултанд “ганцаардлаас” гэж хариулсан хүн “боол”. Харин би “хаан”. Би ганцаараа байх дуртай, жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Үүийг Шопенхауэр “ ганцаараа байх дургүй хүн эрх чөлөөнд дургүй гэсэн үг. Эрх чөлөөг зөвхөн ганцаар байх үедээ л амс ч болно” гэх үгээр нотолж, Гегель “ ганцаараа байхдаа л хүн өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олж хардаг” гэх өгүүлбэрээр гэрчилсэн.
Намайг уйлж байхыг харсан хүн ээж, ааваас минь өөр байхгүй. Инглээ гээд энэ хэзээ ч зовж шаналдаггүй, жаргалтай нэгэн гэж бодуузай. Надад бусдын л адил шаналал, зовлон тохиодог.
Ихэнх хүмүүс аливаа гаслан зовлонд нулимс унагаж тайвширдаг. Сэтгэл судлалд “бухимдлаа гаргахгүй хадгалах нь өвчний голомт үүсгэдэг” гэж үздэг. Гэхдээ л би тэгдэггүй. Яагаад гээч...”хүн хэзээ ч бодож байгаа шигээ тийм золгүй байдалд ордоггүй. Бас хэзээ ч хүсч байгаа шигээ аз жаргалтай байдаггүй” \Грасиан\ болохоор тэр. Бидний зовлон гээд шантраад байгаа, гай тохиолоо гээд уйлаад байгаа тэр юмс бидний бодсончлон тийм “аймар” зүйл биш. “чамд зовлон тохиосон нь чухал биш. Чи түүнд хэр автсан нь л чухал” гэж үг байдаг. Тэгээд ч “гаслан зовлон л бидэнд хамгаас аугаа, хамгаас ариун нандин бүхнийг хэлж өгдөг” \Розанов\ Зовлонтой нүүр тулсан хүн л аз жаргалын үнэ цэнийг ойлгодог. Тиймээс би айхгүй бас уйлахгүй.
Товчхондоо энэ бол би..
Энэхүү бичвэрийг минь шашин шүтэгчид уншаад намайг “өмхий атейзмист” гэнэ. Харин их ярьж, өөрийгөө “мэдлэгтэн” гэж үнэлэгчид сонсоод “усан тэнэг” гэх байх. Гэхдээ надад хамаагүй. Би өөрийнхөө бяцхан ертөнцөд өөрөөсөө гэрэл гэгээ цацруулан амьдарч буй цох...
Би үргэлжийн хөдөлгөөнт ертөнцөд үхэж, шингэх хүртлээ өөрөөрөө л амьдарна...
3 comments:
yasan hoothon bichee we, taalagdlaa huuhdee :)
aytaihan bolson bna. :D. gantsaaraa bh zarimdaa saihan shuu.
Post a Comment