2011 оны 11 сард болсон Сэтгэл судлаач оюутнуудын дунд зохиогдсон тэмцээнд оролцон, өөрийн тавьсан илтгэлээ хүргэж байна.
Сайн байна уу? эрхэм хүндэт сэтгэл судлаач эрдэмтэн багш, оюутнуудаа!
Та бид өнөөдөр сэтгэл судлал хэмээх шинжлэх ухааны түүхэн хөгжлийн явцад мэргэн ухаант эрдэмтдийн судлан тодорхойлж, энэхүү шинжлэх ухааны хөгжлийн тулгуур чулуу болсоор ирсэн онолуудын тухай өөр хоорондоо ярилцаж, тэрхүү онолын мэдлэгээ цаашид мэргэжлийн хийгээд мэргэжлийн бус төвшиний хүмүүст түгээн дэлгэрүүлхээр хуран цуглаад байна.
Бидний эхлэн зарлаж байгаа энэхүү ажил энэ жилдээ эсвэл ирэх арван, магадгүй биднээс цаашид үе үеийнхнийг өртөөлөн үргэлжилж болох юм. \ Ц.Элбэгдорж\
Алдар түүх нь зуун зууныг дамжин ирсэн аугаа ухааны нэгдэл болох тэдгээр онолыг бид хэлэлцэн мэтгэлцэх их хувь заяа өнөөдөр тохиожээ.
Эрхэм нөхөд өө!
Би та бүхэнд хувь хүний хөгжил юунаас эхлэх вэ? сэдвийн дор сэтгэл судлалын хүмүүнлэгийн хандлагыг гол болгон илтгэлээ тавихаар бэлдсэн. Тэгэхээр оршил болгон олон үг нуршилгүй үндсэн хэсэгтээ оръё.
Хүмүүнлэгийн онолд дараах зүйлсийг чухалчилж үздэг. Үүнд:
• Ухамсрын туршлагын үүрэг
• Хүний төрөлхийн бүхэллэг мөн чанар
• Хувь хүний эрх чөлөөний тухай асуудал
• Хувь хүний бүтээлч хүч
• Хүний амьдралын орчин нөхцөл болон бүхий л хүчин зүйлс
Үүнээс бид эрх чөлөөний тухай үзэл санаанд тулгуурлан хувь хүний хөгжлийн талаар ярих гэж байна.
Би та бүхнээс Хувь хүний хөгжил юунаас эхлэх вэ? гэж асуувал энд байгаа хүн бүр дор бүрнээ нэг эсвэл 2 зүйл хэлэх байх. Харин хүмүүнлэгийн хандлагаар хувь хүний хөгжил ганцхан зүйлээс эхлэлтэй. Тэр бол хувь хүний эрх чөлөө. Эрх чөлөөтэй хүн хөгжиж болно, бас түүнээс ухарч болно. Эрх чөлөөтэй хүн хөгжлийг өөртөө татаж болно, бас түлхэж чадна. Энэ л эрх чөлөө байсан учраас 20 настай залуухан Билл Гейтс хүн бүхний хүсэн мөрөөддөг Харвордын их сургуулийн хуулийн ангийн хаяж, тэр л эрх чөлөө байсан учраас өөрийн сонирхлын дагуу компани байгуулж, өөрийн бүтээсэн мэдээллийн технологи эрх чөлөөгөөрөө өдгөө дэлхийн сая сая хүнийг хөгжүүлсээр байна.
Бид эрх чөлөөт нийгэм хийгээд дарангуйллын нийгэмд амьдарч буй ард түмний ялгааг дуртай телевизийн сувгийн мэдээгээр харж болно.
Талбайн онолоороо сэтгэл судлалын салбарт өөрийн гэсэн томоохон байр суурийг эзэлдэг эрдэмтэн К.Левин нацизмын хөлд дарагдан хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээг нугчин дарсан аймшигт нийгмээс зугатаан дүрвэгсдийн хамт тэр үедээ л эрх чөлөө, хүний эрхийн баталгаа хамгийн өндөр байсан гэж хэлж болохоор Америкийн нэгдсэн улсад очиж ажиллан, өөрийн туршилт судалгааны болон онолын зохиол бүтээлээрээ Америкийн сэтгэл судлаачид, гүн ухаантнуудын дунд нэрд гарч, түүний үзэл санааг даган баримтлагчид, дэмжигчидтэй болсон. Магадгүй тэр эрх чөлөөт орон луу тэмүүлээгүй бол түүний бодол санаанд байх онолын шинэ санаанууд тархины аль нэг атираанд нь дарагдаад л өнгөрөх байсан биз.
“Лолита” хэмээх романаараа алдаршсан Владимир Набоков 1917 онд тогтсон коммунист дэглэмээс зугатаан гэр бүлээрээ 1919 онд эх орноосоо дүрвэн гараад, Европын хэд хэдэн хэл мэддэг Владимир Кембрижийн их сургуульд орж, Францын уран зохиолыг судлахын зэрэгцээ тэнд өөрийн алдарт бүтээлүүдээ туурвисан байдаг.
Эрх чөлөөт хүний харилцаа эерэг байдлаар тодорхойлогддог. Дарлал, дарангуйлал дор хүн хаалттай, аймхай харилцдаг.
Эрх чөлөө бидэнд мянган сайхан цэцэгсээс ганцхан сайхныг нь шилж авах боломж олгодог. Ганцхан тэр цэцэг л бидний хүсэл сонирхол, мэдлэгийн хүрээ, дотоод сэтгэлгээний хөгжлийг харуулж байдаг. Өөрөөр хэлбэл сонголт байгаа газар эрх чөлөө байна. Эрх чөлөө байгаа газар хүн өөрөө хөгжиж байдаг.
Түүх уншиж гайхширдаг нэгэн байхад, түүхийг бүтээж бишрүүлдэг нэгэн бас байдаг. Сэтгэлгээний эрх чөлөөгөөрөө түүхийн олон зуун жилийн нугачаанд ч үзэл санаа нь бүдэгрэн дарагдаагүй олон олон эрдэмтдийн тухай бид мэднэ. Ардчилсан хувьсгалаар хувь хүний эрх чөлөөгөө баталгаажуулсан Монголчууд бид түүхийг уншиж өнгөрдөг биш бүтээж бишрүүлдэг ард түмэн.
Хөгжих, эс хөгжих эрх чөлөө надад, таньд бидэнд өөрсдөд маань байна.
Цаашид ч бид аугаа түүхийг бүтээх хүчирхэг ард түмэн байхын тулд хувь хүний сэтгэх, хөгжих, хийж бүтээх эрх чөлөөгөө хамгаалцгаая. Гэхдээ бас түүнийгээ ухамсарлацгаая.
Монголын ард түмний хийморь сүлд үргэлж босоо байж, эрх, эрх чөлөөгөө үеийн үед дархлан бататгах болтугай!
No comments:
Post a Comment