Бурхан булаг
Бор гэрийн минь хаяанд цагаан чулуу бий
Борог өвсөөн гоёсон ягаан цэцгүүд бий
Бодлын эхэнд өлгийтэй гэгээн тэр хөдөөд минь
Болжморын нулимс шиг тунгалагхан бурхан булаг минь бий
Үүрийн шаргал гэгээнээр айлчлах өглөөг цайлахаар
Үрээн дагуулаад ижий минь бурхан булгаа зорьдог
Элэг бүтэн жаргалд минь цэцэгс сэрэх цагаар
Ээжтэйгээ би наран мандахыг үздэг
Бортого дүүрэн усаа ижий бидэн дамжлаад
Бодлын цэнхэр алсаас удаан алхах дуртай
Бурхан булгийн усаа ижий бидэн түшээд
Борог өвсөн дээр амарч суух дуртай
Алжааж ядарсан ижийнхээ амарч тухлахыг харах л гэж
Аяа би ижийтэйгээ усанд явах дуртай
Амсхийн суугаа ижийнхээ инээгээд өндийхийг үзэх л гэж
Ариун булгаас ээжтэйгээ ундлан алхах дуртай
Үдшийн бүрэнхий хотлохоор долоон бурханаа цайлахаар
Үрээ дагуулаад ижий минь гэгээн булгаа зорьдог
Ихэр 2 бортогонд минь тэнгэр зүйрмэглэх цагаар
Ээжтэйгээ би наран шингэхийг үздэг
Үүрийн гэгээнд өлзийтэй бурхан булгийн усанд
Үндэстэй бүхний сүүдэр эвлэж тогтсон болохоор
Энэрэн энэрэн нигүүлсэх цагаар сүүний оршил
Ээлтэй булгийн усаар ээждээ цай чанаж өгөөрэй
Бор гэрийн минь хаяанд цагаан чулуу бий
Борог өвсөөн гоёсон ягаан цэцгүүд бий
Бодлын эхэнд өлгийтэй гэгээн тэр хөдөөд минь
Болжморын нулимс шиг тунгалагхан бурхан булаг минь бий
Н.Цэдэндамба \ ангийн анд гэж\
1 comment:
mngolin unertei shuleg~ hehe
Post a Comment