Sunday, June 12, 2011

Миний найз гэсэн түүнд, хэзээ ч билээ хайртай гэж хэлсэн тэр хүнд, бас хараахан учраагүй ч хайсаар учрах ханьдаа зориулав...

Чи миний тухай юу ч мэдэхгүй
Чимээгүй болж, олны дунд ганцаардахдаа юу боддогийг,
Чиний өөдөөс харж суухдаа харц яагаад дальдарч байдгийг чи мэдэхгүй...
Намайг уйлж суухдаа маргааш яахаа боддогийг, намайг инээж байхдаа цаанаа юу бодож байгааг чи мэдэхгүй. Чи байтугай би өөрөө ч мэдэдгүй
Миний дуртай дуу хэний юу болохыг, миний дургүй хоол хэрхэн хийсэн холимог хог болохыг ер нь чи миний тухай юу ч мэдэхгүй.
Хайрлахдаа би яадгийг, харамсахдаа би яадгийг, хардахдаа би хэрхэдгийг, бас хархаас зэвүү хүрч үзэн ядахдаа би яадгийг чи мэдэхгүй.
Хэзээ би ээжээсээ төрснийг, хэзээ би энэ хорвоогоос залхаж эхэлснийг, гунигаа үлээж, гутарлаа тайлж суухдаа яадгийг чи мэдэдгүй магадгүй мэдэхийг ч хүсдэггүй байх.
Хайрлаж хэн нэгэнлүү тэмүүлж байсан эсэх, харамлаж шаналж байхдаа чамтай л уулзахыг хүсч байсныг, хэн нэгэнд хэлэх гэсэн гомдлын үгээ хэлж чадахгүй залгилж байхад хоолой хорсодгийг чи мэдэхгүй.
Чи миний тухай юу мэддэг гээч? өөртэй чинь уулзах гэж очихдоо инээмсэглэж очихыг, инээмсэглэсэн чигээрээ эргээд чамаас салахыг л мэднэ. “баяртай” гэж хэлэхдээ бас л инээмсэглээд үлдэхийг, гэртээ харьсан хойно чинь “харьсан уу?” гэж асуухыг л чи мэднэ.

Гэвч бүхнийг чамд тоочилгүйгээр чамаас бас бүхнийг асуулгүйгээр би чамайг хараад л мэддэг. Гутарсан үедээ зүгээр мэт худлаа зөөлөн инээдгийг чинь, шаналсан үедээ миний яриаг үл анзааран надруу ширтэж байдгийг чинь, хэн нэгэн хэрэгтэй байгаа үедээ намайг хаана ч байсан хүрээд ирдэгийг чинь гээд би чиний тухай бүгдийг мэднэ.
Зоогийн газрын цэсийг хойш урагш яг 2 эргүүлээд хоолоо захиалдгийг чинь, дуртай амттанаа цүнхэндээ нуугаад идэж байдгийг чинь, таарамж муутай ээжтэйгээ хэзээ эвлэрч, хэзээ хэрэлдсэнийг чинь ч би мэддэг.
Гэтэл чи намайг мэдэдгүй. Тийм байж чи миний найз гээд, тийм байж чи миний хайр гээд, бас миний хань гээд...
Мэдэхгүй болохоор чинь би чамд мэдрүүлье ч гэж боддоггүй. Өөрийнхөө тухай их ярих дургүйг минь, өглөө нь уйлсан ч өдөр нь тэгээгүй юм шиг харагдахийг хичээдгийг минь ч чи анзаардаггүй...анзаарах болов уу гэсэндээ би ахин дахин нүдрүү чинь хэдэнтээ ширтдэг.
Чамд л гэж хэлэх гэсэн үг минь, чиний л амнаас сонсохыг хүссэн тэр дуу минь, бас чамд л бүхнээс илүү итгэсэн тэр сэтгэл минь цас шиг бас бороо шиг чиний л хацарт үнсэлттэй минь шингээд, тэр л чигээрээ эргэж салахаа больсон.
Намайг хэзээ ч танихыг хичээгээгүй чиний тухай ингээд бодоход гомдолтой ч нэгэнтээ чиний хацранд үлдсэн тэр үнсэлтийн мөр эргэж миний уруул дээр ирээд, чамд итгэсэн итгэл минь чамаас өөр хүнлүү тэгтлээ тэмүүлэхээ больсон.
Өнгөрсөн жилүүдэд намайг таниагүй шигээ өнөөдөр, маргааш ер нь хэзээ ч чи намайг танихгүй, мэдэхгүй хэвээр байх биз.
Сэтгэл минь харамсан гомдоллож байгаач зүрх минь чамайг л гэж чиний төлөө анх уулзаж байсан шигээ хүчтэй хэрнээ хурдан цохилсоор байна. Сэтгэлээ биш зүрхээ сонсон дагаж байгаа би тэнэг байж болох ч хэний ч мэдэхгүйгээр би өөрийнхөө хийж байгаа зүйлийн зөв бурууг мэдэж байна. Харин чи намайг мэдэдгүй шиг, би өөрийгөө ч мэдэхээ байх тэр үед чи миний хажууд байж, хаашаа ч явсан тэр газарлуугаа намайг үргэлж дагуулж яваарай...

No comments: