Sunday, March 18, 2012

Эрэгтэй VS эмэгтэй...

Дэлхий дээр хоёрхон төрлийн хүн байдаг. Тэр нь эрэгтэй ба эмэгтэй юм. Хүн гэдэг ерөнхий ойлголтонд багтах тэдгээр нь энэ ойлголтонд нэгдмэл байдлаар, харилцан бие биенээ нөхсөн, гүйцээсэн бас нэгнээрээ дутагдсан шинжтэй байдаг ч бие физиологи болон сэтгэлзүйн хавьд яаж ч адилтган ойлгож болохгүй тусдаа бүр огт өөр хоёр ертөнц юм. Эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн хамгийн том ялгаа нь бидний сайн мэдэх физиологийн ялгаатай хөгжил юм. Гэтэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо ойлголцохдоо үргэлж асуудалтай тулгардаг нь тэдний сэтгэлзүйн асар том ялгаатай байдалтай шууд холбоотой байдаг. Өнөөгийн шинжлэх ухаан хүний тархийг амьтны тархиас асар их өндөр хөгжсөн гэж үзээд хүний амьтнаас ялгагдах гол зүйл нь сэтгэн бодож, төлөвлөх чадвар гэсэн. Тиймдээ ч энэ бүгдийг зохицуулж байдаг тархи гэдэг бидний амин эрхтэн юм. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил байдаггүйн гол шалтгаан энэ тархинд л байгаа юм.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг шинжлэх ухаан дөнгөж 1980 оноос хойш судалж эхэлсэн байдаг.
Тархийг хэрхэн ажилладаг болохыг илрүүлдэг төхөөрөмж бүтээгдсэн нь хүн төрөлхтөнд хүйсийн ялгааны тухай болон хэрхэн хайрт эмэгтэйгээ эсвэл эрэгтэйгээ сэтгэлд нь хүртэл баярлуулж болохыг хэлж өгсөн.
Тархины энэхүү ялгаатай хөгжлийг ихэнх эрдэмтэд эртний овгийн зохион байгуулалтын үеийн хүмүүсийн ажил үүргийн хуваарилалттай холбож тайлбарладаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүмүүс үргэлж шийдвэр гаргах сонирхолтой, аз турших хүсэлтэй бас үг дуу цөөтэй байдаг нь тэдний ан хайж өдөржин гадуур явдаг байсантай, харин эмэгтэйчүүд дэмий ярих дуртай, хэн нэгнийг асарч халамжлах авъяастай, тулсан үед чухал шийдвэр гаргахдаа эргэлздэг нь гэртээ үлдэж, чихэр жимсээ янзалж, үр хүүхдээ асарч үлддэгтэй холбодог байна. Энэ үнэн байх талтай. Хүн сармагчингаас олон зуун жилийн хувьслын явцад хөгжин өнөөгийн дүр төрхөө олсон шиг хүний тархи ч бас хөгжин өдгөө нийгэмд тэргүүлэгч, өрхийн тэргүүн эмэгтэйчүүд олширч байж болох юм.
Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай байх нь зайлшгүй зүйл. Бүр генийн төвшинд энэ нь тодорхойлогдож байдаг байна.
Эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай байна гэдэг нь ижил нэг зүйл хийхийг хүсэхгүй байна гэсэн үг.
Хэрэв та эмэгтэй бол дөнгөж төрсөн найзынхаа охиныг хараад өхөөрдөж, живхийг нь солиж, ямар үзэсгэлэнтэй бяцхан охин болохыг нь хэлнэ. Харин та эрэгтэй бол түүнийг хараад зөвхөн эгдүүтэйгээр эвшээн хэвтэхийг нь харна. Энэ бол ялгаа. Зөвхөн үүн дээр ч биш бидний ертөнцийг үзэх үзэл өөр өөр, эрхэмлэдэг зүйл ялгаатай байдаг. Сайн ч биш муу ч биш, гэхдээ л ялгаатай.
Эмэгтэйчүүд хөл бөмбөг эсвэл сагсан бөмбөгийн тоглолт үзсэнээс авахгүй ч гэсэн Home shopping хараад суух нь илүү гэнэ. Харин эрчүүд түүнийг энэ дэлхийн хамгийн хэрэггүй зүйлүүдийн нэг гэж үзнэ.
Та 2 хөдөө замд явж байгаад төөрчихвөл та дуугай л байх хэрэгтэй. Хажууд нь “өөр хүнээс зам асууя, хүргээд өгөөч гэж гуйя” гэвэл тэр таныг “дуугай суугаасай эсвэл тэр зам асуух хүнтэйгээ яваад өгөөсэй” гэж бодно. Эрэгтэй хүн шийдвэр гаргах үргэлж сонирхолтой байдаг. Таньд ямар нэг асуудал тохиолдоход тэр тусалж, шийдвэрлэхийг үргэлж хүсдэг. Тиймээс эрэгтэй хүнд хааяа ч гэсэн өөрт чинь тусалж, шийдвэр гаргаж байх боломж өгөх хэрэгтэй. Ялангуяа дээрх зам асуух тал дээр.
Та хайртай хүнтэйгээ хамт гадуур алхаж явхад эрэгтэйгээ энд тэндхийн эмэгтэйрүү “нүд унагалаа” гэж битгий уурла. Эрэгтэй хүний харааны багтаамж эмэгтэй хүнийхээс хэд дахин бага байдаг. Харин эмэгтэй та л өөдөөс ирж байгаа эмэгтэйн үнэтэй гутлыг харах зуураа хажуугаар өнгөрч байгаа эрэгтэйн нүдэнд дулаахан эсэхийг тандаж бас замын нөгөө талд такси барих гэж зогсоо бүсгүйн ээмэгний загварыг харчихсан байдаг.
“Нөхөрөө орой ажлаас ирээд л телевиз ширтээд суучих юм” гэж гомдоллодог эхнэрүүд олон. Гэвч энэ тэдний буруу биш. Угаасаа бүр эртний өвөг эцгээсээ үүнийг өвлөчихсөн юм чинь. Ангаасаа ирээд авчирсан махаа идчихээд гал ширтээд л өнөөдөр болсон ба болоогүй зүйлийн талаар боддог. Энэ нь тэд зөвхөн өөрийгөө бодсондоо бус таны хүссэн үнэртэнг эсвэл хүрмыг яаж авч өгөх вэ? гэж л бодсондоо шүү дээ.
Бидний үеийн залуусын дунд “яагаад би хүнтэй үерхэхгүй байнаа” гэх асуулт зөндөө байдаг. Энэ нь таныг “үерхье” гэж гуйхгүй байгаа тэр залуугын эсвэл охины буруу биш. Бас таньтай таарахгүй байгаа хөөрхөн хэн нэгний ч буруу биш. Эртний нийгэмд эрэгтэй, эмэгтэй гэсэн л хос байсан. Хэрэв арай өөр болвол тэдний амийг хороочихдог эсвэл хорьчихдог байсан. Гэтэл өдгөө ардчилсан үзэл хаа сайгүй хүчээ авч ижил хүйстэн эмэгтэй ба эрэгтэйг хүлээн зөвшөөрчихдөг болсон учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүс учрах боломж магадлалын онолоор бага зэрэг буурсан. Тиймээс харсан эрэгтэйгээ эсвэл эмэгтэйгээ намайг тоохгүй байна гэж гомдоллох эрх байхгүй болж байгаа юм. Хүний эрх шүү дээ, тэд өөрсдийн сонирхлоор амьдрах эрхтэй.
Найз залуугаа “мэдрэмжгүй, хүн харсаар байтал гуниглачихсан байхад” гэж уурлах хэрэггүй. Эрэгтэй хүн таныг уйлж байхыг харвал л “ямар нэг юм болждээ” гэж мэднэ. Харин эмэгтэйчүүд яадаг вэ? хэн нэгнийг хараад л уйлчихаж, баярлачихаж, нөхөртэйгээ хэрэлдчихэж, хувцас авах гээд мөнгө нь дутчихаж бүр болъё гэхэд золгүй зүйл тохиолдож дээ гээд мэдчихдэг. Эмэгтэй хүний мэдрэмж, зөн эрэгтэйчүүдийнхээс хамаагүй илүү юм. Харин эрэгтэйчүүдийн мэдрэмж арай өөр зүйл дээр илүү байдаг. Тухайлбал: давчуу зогсоолд машин багтаах эсвэл түүнийг энхрийлэхэд яах хэрэгтэй зэрэгт.
Орон зайн мэдрэх чадвар эрэгтэй хүнд илүү байдаг. Энэ нь тэдний тархины баруун талд байх орон зайн сенсор илүү хөгжсөнтэй холбоотой. Харин эмэгтэйчүүдийнх сул хөгжсөн байдаг.
Өлгүүрт өлгөсөн түүний цамцыг эрэгтэй хүн хайгаад хайгаад олсонгүй, цүнхэлээд явчихаа юу? эсвэл өөр хүнд өгчихөө юу? гэж таны хойноос үг хаяна. Харин та орой ирээд л “энэ юу юм?” гээд илбэ шиг гаргаад ирнэ. Энэ бас л тэдний буруу биш. Эрэгтэй хүний нүдний хараа холын хурц байдаг. Тэд алсын бас тодорхой зүйлийг сайн харна. Харин холилдсон олон зүйлээс зарим зүйлийг ялган хархаасаа үнэндээ залхуурдаг. Харин эмэгтэйчүүдийн хараа ойрын, өргөн байдаг. Тиймээс л ардаа нүдтай юм шиг орчноо байнга хянаж байдаг.
Эр хүнд илэн далангүй ярилцах, бусдын сэтгэл хөдлөлд мэдрэмтгий байх төдийлөн хэрэгцээ бас сонирхол байхгүй, гэтэл эмэгтэй хүн үргэлж ярьж бас дахиад л ярьж, яриандаа уярч, уйлж, инээж уурлаж байдаг. Энэ нь тэдний тархины хөгжилтэй л холбоотой. Эрэгтэй, эмэгтэй хүний тархи өөрийн ур чадвараа ашиглах өвөрмөц хэсгүүдээ тус тусдаа хөгжүүлсээр байгаа юм чинь.
Эмэгтэй хүний тархи эрэгтэй хүнийхээс ялимгүй бага боловч энэ нь тархины чадалд төдийлөн нөлөөлдөггүй. 1997 онд Данийн Копенгагений төв эмнэлэгийн мэдрэлийн тасгийн судлаач Бенте Паккенберг эрэгтэй хүний тархинд дөрвөн сая орчим эс илүү байдаг боловч эмэгтэй хүний оюуны ерөнхий чадавхи ойролцоогоор гурван хувь илүү байдгийг тогтоожээ1. Мөн Пенсилванийн анагаах ухааны төвийн тархи судлаач Роберт Гар эмэгтэй хүний тархи тооцоо хийх, хүмүүстэй харилцах талаар илүү гэдгийг тогтоосон байна.
Эмэгтэйчүүдийн тархинд ярих цэг илүү хөгжсөн учраас эрчүүд тэднийг байнга ярьдаг гэж залхах хэрэггүй, харин эрчүүдийн тархинд чиг баримжаа мэдрэх цэг илүү хөгжсөн учир чиглэл төлөвлөхдөө дуртай, зам товчлохдоо сайн байдаг.
Гэвч эрэгтэй таньд эмэгтэйлэг тархи, бүсгүй таньд эрэгтэйлэг тархи хөгжсөн байх тохиолдол байдаг. Үүнийг 21 асуулгатай “Тархины сорил”-р тогтоож болдог.
Ийнхүү эрэгтэй, эмэгтэй хүмүүс зайлшгүй ялгаатай байх ба та хэрэв өөрийн нөхрөө, эсвэл эхнэрийнхээ заримдаа гаргадаг зан аашийг ойлгохгүй байвал түүний тархины ялгаатай хөгжлийн тухай бодоод үзээрэй. Энэ бол төрөлхийн, зайлшгүй зүйл юм. Та ч гэсэн тархиа гаргаж ирээд атирааг нь өөрчлөөд буцаагаад хийх боломжгүй шүү дээ...!!!
Эх сурвалж:
1. Барбара Пиз. Эрэгтэй хүн яагаад хайхрамжгүй хэнэггүй, сонсох дургүй байдаг вэ? эмэгтэй хүн яагаад хов живэнд дуртай, яриасаг байдаг вэ?. орч Нямсүрэн У., УБ 2008
2. www.wikipedia.com

No comments: