Миний захиаг уншиж байгаа найз минь чи тун удахгүй болох мөнгөн хонхны баяраа тэсч ядан хүлээхийн сацуу нүд ирмэх зуур өнгөрөх цаг хугацааны эргүүлгээр хурдлан айсуй “конкурс” гэх амъдралын хамгийн чухал, өөрийнхөө төлөө “анх удаа” гэж хэлж болох асар их хариуцлага хүлээх хүнд өдрүүдийг бодон дотроо нууцхан түгшин айж басхүү догдолж байна уу?
Конкурс буюу ЭЕШ нь бид цаашдаа амьдралын их далайд хөл алдалгүй хэрхэн бие хүн болж чадах эсэхийг шийдэх чухал алхам юм.Тиймээс ч төгсөх ангийнхан ээж аавдаа эрхэлж, гадуур сэлгүүцэн зугаацаж явдаг хүүхэд насаа орхиж насанд хүрсэн хүн шиг хариуцлага, ухамсартай байх хэрэгтэй. Гэхдээ конкурс өгөх нь чиний цор ганц хийх чухал алхам биш. Юун түрүүнд чи ямар мэргэжлийн дагуу ямар хичээлээр ЭЕШ өгөхөө шийдсэн байх нь чухал. Чиний сонгосон мэргэжил чиний хүсэл мөрөөдөл,
ирээдүйн их зорилгын чинь эхлэл бөгөөд ямар ч хүн
мэргэжилээ сонгохдоо өөрийн хийж чадах ажил, тэр мэргэжлийн онцлогийг хүлээн авах сэтгэцийн байдал зэргээ зайлшгүй харгалзан үзэх ёстой. Түүнээс биш чиний аав эмч байлаа гээд чи заавал эмч болох албагүй. Эцсийн эцэст чиний сонгосон мэргэжил чиний л өмч болж , чиний хүсэл мөрөөдлийн илэрхийлэл байж,чамтай насан туршдаа хамт байх учраас тэр шүү дээ. Тэгж байж л чи тэр мэргэжилээс байнгын сэтгэл ханамж баяр бахдлыг мэдэрч чадна.
Найз нь 9-р ангид орсон үеэсээ л өөрийгөө чухам юу хийж чадах бол,юу хийвэл илүү аз жаргалтай байх бол гэж бодож байлаа. Тэгээд л 2 жил бодож судалсны эцэст “сэтгэл судлаач” гэсэн мэргэжилийг сонгосон. Тэгээд одоо мөрөөдөж байсан сургуульдаа,хүсэж байсан мэргэжилээрээ суралцаж байна. Найзаа чамд л гэж хэлэхэд хүсэл мөрөөдөл гэдэг хүнийг зорилгодоо хүрэхэд хамгийн их түлхэц өгдөг гайхалтай зүйл шүү. Мөрөөдөлтэй хүн л зорилготой байж бас түүндээ хүрч чадна. Тэгээд ч “мөрөөдөх бас худлаа ярих зоригтой бай” гэсэн үг байдаг биз дээ.
За тэгээд л чиний арай гэж сонгосон мэргэжилийг зарим хүмүүс сонсоод “ээ хэрэггүй ажил олдохгүй” гэнэ. Гэвч найзаа санаа зоволтгүй.Энэ огт асуудал биш. Яагаад гэвэл тэр бол чиний асар их бодол,хүслээс дүрэлзсэн гал учраас бусдын үгээр түүнийг битгий унтраа. Нэг ийм үг байдаг даа : “хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов” гэж... чухамдаа ямар ч мэргэжил байсан чи түүнийг хүсэж мөрөөдөж сонгосон. Чиний амьдрал учраас чи өөрийнхөө шийдвэрт бат зогсох хэрэгтэй. Тэгэд ч бид дарга нарын хүүхдийг өөд татдаг завхарсан нийгэмд
биш,ардчилсан нээлттэй нийгэмд амьдарч байгаа азтай хүмүүс. Энэ нээлттэй нийгэмд ямар ч ажил мэргэжилийг чи бусдаас илүү хийж,тэргүүлэн манлайлж чадаж л байвал чиний өмнө бүх юм нээлттэй.
Харин одоо чи интернетийн байнгын үйлчлүүлэгч болох шаардлагатай. Чиний сонгосон мэргэжилийн хуваарь энэ жил хэд ирэх бол, ямар ямар сургууль тэр мэргэжилээр элсэлт авах талаар байнгын мэдээлэлтэй байх нь хуваариа зөв сонгоход чинь тусална.( энэ тухай www.eec.mn-ээсавч болно)
За ингээд мэргэжилээ сонгоод авах сургуулийнхаа хуваарийн тоо болон өөрийн авч болох боломжийг тооцоолсон чамд одоо конкурс өгөх л үлдлээ.
Ерөнхийдөө конкурс 3-4 өдөр үргэлжилдэг. Энэ 4 өдөр чамд “усан доогуурх 20000 бээрийн аялал” шиг л санагдах нь лавтай. Гэрийнхэн чинь чамайг “аятайхан сургууль авахгүй бол хөдөө гарч мал маллаарай” хэмээн дарамталж , багш нар чам руу “өдий болтол зааж сургасан юм,ойлгож тогтоосон үгүй чинь одоо л гарна даа” гэх зэвүүн хүйтэн үг чулуудаж харин чи өөрөө “сайн оноо авахгүй бол нөгөө ангийнхны өмнө онигоо болно доо” гэж шаналсаар нүүрэнд чинь цөөнгүй атираа үүсдэг. Энэ нь ч буруу биш.Ингэснийхээ хирээр чи өөртөө маш их хариуцлагыг ухамсарлана. Гэхдээ алгандаа хөлс хуртал сандрах хэрэггүй шүү.( сандарсандаа тестийн ажлуудаа солиод бөглөчихсөн хүн манай ангид олон байсан шүү.) Өдий хүртэл чи сэдвийн, түвшин тогтоох, улирлын гээд л олон шалгалт өгч байсан биз дээ. Яг л түүн шиг энгийн л нэг шалгалт гэж төсөөлөөрэй.
Бас бурхан тэнгэр гэхээсээ илүү өөртөө л итгээрэй. Шалгалтын 80 мин-д чиний дотоод ухамсар, эзэмшсэн мэдлэг хоёроос чинь өөр хэн ч чамд туслахгүй гэдгийг санаарай. Тэгээд л “би чадах болов уу,миний уншсан сэдвээс ирэх болох болов уу” хэмээн хавчигнан суух хэрэггүй. Өөртөө итгэлтэй байгаарай. Тэгээд ч өөртөө итгэх итгэл гэдэг амжилтын тал нь юм шүү. Ингээд шалгалтын хуудас тараамагц бүх оюун ухаанаа түүн лүү хандуулаарай. Хуудсан дээрх тестүүдийг сайн уншиж, хамгийн түрүүнд мэдэх, чадах тестээ хийх нь цаг хэмнэхэд тустай.
Чи мөрөөдсөн мэргэжилдээ хүрэхийн тулд ЭЕШ өгөх хичээлээ сонгож, түүнийхээ дагуу хангалттай мэдлэг эзэмшчихсэн учраас конкурс чамд хялбархан байна гэдэгт итгэлтэй байна.
Чадахын төлөө чармайж
Мэдэхийн төлөө мэрийсэн чиний зүтгэлийн үр дүн цүдгэр том 800 оноо байх болно. Харин тэр үед баярласандаа надруу хариу бичихээ мартчихваа!! Тэр үед найз нь чамд чин сэтгэлээсээ баяр хүргэж, баярлаж догдлон байж бичсэн тэр захиаг чинь хадгалаад 4 жилийн дараа шилдэг мэргэжилтэн болсон хойно чинь найз чамд дэлгэн үзүүлж ,хоёул хөгжилдөн баясаж, дурсгалын цомгондоо шинэхэн зураг нэмцгээе!
Найз чамд хязгааргүй их амжилтыг хүсэн, удахгүй уулзахыг хүсье...
No comments:
Post a Comment