Friday, September 24, 2010

Сэтгэлийн дэм яаж өгөх вэ ?

Хэн нэгэн нь бид нарт, ямар амжилттай, эрч хүчтэй, олон зүйлд чадвартай болохыг сануулан бидний дотоод нөөц бололцоонд хандах нь биднийг улам л хананд тулгаж орхидог.
Нас, хүйс, нийгмийн байр суурь, боломж бололцооноосоо үл хамааран бидний хэнд маань ч ямар зүйлийг хийсэн ч цаанаа л нэг болж өгөхгүй нөхцөл байдал үүсэх тохиолдол гардаг. Энэ үед хамгийн түрүүнд ойр дотны хүмүүс тусалж дэмжихийг оролддог. “Чи ухаантай шүү дээ”, “Чи энэ зэргийн юмыг чаддаг л байсан шүү дээ”, “Чам шиг мундаг хүнд энэ юу ч биш” гэх зэргээр урам зориг өгөхийг оролддог ч ингэлээ гээд сэтгэл санааны байдлыг бүр дордуулж орхих нь ч бий.

Тэгэхээр яаж дотны хүмүүсийнхээ сэтгэл санааг өргөх вэ?

Гол нь, түүнээс хүлээж буй хүлээлтүүдээрээ дарах хэрэггүй.

Хүнд байдалд орсон ч бай түүнд хандах хандлага яг л урьдынх шиг хэвээрээ гэдгээ харуулах нь маш чухал.

Хэрэв тэр урьд нь ямар сүрхий байсныг онцолж хэлмээр байгаа бол өнгөрсөн үеийн тодорхой жишээг дурдаарай. Тухайлбал, ”Чи санаж байна уу?... тэр үед чи гайхалтай илтгэл тавьж чадсан”

.

Бас нэг ашигтай байж болох зүйл гэвэл тухайн тохиолдоод байгаа нөхцөл байдалд өөрийн өнцгөөс харж, ингэж хүндээр тусгаж авах нь аргагүй юм гэдгийг хүлээн зөвшөөрч болох юм. Эсвэл өөрийн амьдралын туршлагаас санаа авч, иймэрхүү нөхцөл байдалд бүх хүн өөртэй нь адил бэрхшээлтэй тулгарах байсныг өгүүлж болно /жишээ нь, “намайг ажлаас халахад би ч гэсэн яах учраа олохгүй их удаан хүнд байдалд байсансан”/.

Үгэн тусламжаас гадна бодит тусыг санал болгох нь мэдээж тун сайн хэрэг. Маш жижигхэн тусаас /хоол хийхэд нь туслах гэх мэт/ эхэлж болно шүү дээ.

Нийтлэлийг бичсэн: Сэтгэл судлаач Ц.Энхжаргал \\www.cetgel.mn\\

No comments: