Би ганцаардхаар сэтгэл минь хоосордог.
Хов хоосон сэтгэлээ өрөвдөөд би ганцаарддаг... инээх минь хуурамч, уйлах минь өрөвдөлтэй ч өөрийгөө өрөвдөх бүрийдээ нулимсаа бас өрөвддөг.
Хоосон сэтгэлээс урсах тэр дуслууд бүлээн биш, халуун байдаг ч зөөлнөөр биш хацрыг минь зүсч урсадаг ч би түүнийг өрөвддөг. Намайг ганцаардхад намрын навч модноосоо унаж биш, тэнгэр өөд өгсөж уйлдаг. Тэр навчсыг хараад би гомддог. Над шиг жарны биш зуурдын настай мөртлөө, над шиг яс махаар биш нарны элч, усны дуслаас бүтсэн мөртлөө тэд надаас илүү хөгжилдөн байх юм. Тэд салхинд хийсч байхдаа хүртэл хөгжилтэй санагддаг. Хамгийн гомдмоор нь тэд салхинд баясалдан хийсэлдэж,борооны дуслаар даажигнан, харин хүйтэн цастай нуугдаж тоглоод л...
Гэтэл миний ганцаардсан сэтгэл рүү салхи үлээхэд улам гуниг төрж, намайг өрөвдөн урсаж буй хөөрхий нулимсыг минв хацар дээр хатааж орхидог. Бороо миний бодлыг сонсох мэт намуухан орсноо надаас залхсан мэт ширүүсч, тэгснээ буцаад л намуухан болдог.
Намайг ганцаардхад цас миний дээрээс биш доороос бударч, гуниглан гудайсан харцыг минь гялбуулдаг. Харцаа гудайлгаж биш гэдийж яв гэж байгаа юм уу гээд дээшээ харахад арай гэж тэмтчин явсан хөлийг минь хальтруулдаг.
Намайг ганцаардхаар бүх хүн баяр жаргалтай болдог. Ганцаардсан миний нүдэнд хүн бүр жаргалтай, баяр хөөртэй харагддаг. Түүнийг хараад би улам л ганцаарддаг.
Намайг гуниглахад янагийн ялдам ая, эхийн уянгалаг дуу, эх орны магтаалт шүлэг бүгд надаар тохуурхдаг. Ядаж тэдний ганцад нь ч намайг өрөвдсөн, намайг
ойлгосон бадаг байдаггүй. Ингээд бодоход намайг ганцаардхад миний нулимс, навч хоёр л надад хань болдог. Гэтэл би нэгийг нь өрөвдөж, нөгөөд нь атаархахаар бүр ч гуниг мэдрэгддэг.
Намайг ганцаардхад найз минь өсөрхдөг. Хамт байсаар байтал хань чинь болж чадахгүй байна гэж үү гэж уурсдаг.
Эцсийн эцэст би үргэлж ганцаарддаг.
Ганцхан би биш надтай хамт нар ганцаарддаг. Ганц ганц байгаадаа биш, гуниг дандаа ирдэгт ч биш. Ертөнц ерөөсөө хоосон учираас, сэтгэл өөрөө хурамч болохоор ганцаарддаг. Нар яг над шиг ганцаарддаг...
No comments:
Post a Comment