Wednesday, September 21, 2011

Сувдан гоёл

Хоол хайх эрэл дунд санамсаргүй олдсон энэхүү гоёл нь өдгөө хүн төрөлхтний хамгийн анхны үнэт гоёл болох "Сувд" гэдгийг түүнийг олсон эртний хүн одоо мэдвэл тэр хичнээн их баярлах бол...
Бүхий л цаг үед сувд өөрийн байгалиас бүтээгдсэн гоо үзэсгэлэнгээрээ хүн төрөлхтнийг татаж, басхүү эрх мэдэл хийгээд эд баялгийн бэлэг тэмдэг болсоор иржээ.
Үнэт эдлэл, чулуун гоёлуудыг би нэг их сонирхоод байдаггүй ч “Сувд” бол эмэгтэй хүнд зайлшгүй байх ёстой гоёл бөгөөд басхүү орчин үеийн боловсон эмэгтэй бүр түүний тухай мэдэж байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс та бүхэнд эртний алдарт хаадын титэмд заларч, хээнцэр хатагтай нарын энгэрийг чимж, сая сая хүний хүзүүний зүүлт, бүс, бөгж, ээмэгт гайхамшигт чимэг болсоор ирсэн сувдны түүх хийгээд төрлүүдийн тухай мэдээлэл хүргэж байна.
Сувдны тухай хамгийн анхны эх сурвалж нь Хятадын их хаан Шу-н тухай сударт гарсан байдаг ба сударт: “ Ю хаанд \ МЭӨ 2206 он\ Хуай мөрөн хавиар нутагладаг албатууд нь сувд бэлэглэжээ” гэсэн байдаг.
Түүнээс гадна одоогоос 42 зууны тэртээ Хятадад ноёд түшмэдийн хэргэм, зэрэг дэвийн илэрхийлэл нь сувд болж байсан түүх ч байдаг байна. Өөрөөр хэлбэл хааны ордны түшмэд малгайгаа нефрит, оюу, шүрээр, дээд түшмэд нь сувдаар чимдэг байжээ.
Эртний хүчирхэг улс орнууд сувдны томоохон орд газрыг эзэмшихийн төлөө XVI зуун хүртэл цус асгаруулсан дайн хийж байсан ба тэрхүү орд газар орших нутгийг Португаличууд 100 гаруй жил эзэмшиж байгаад Персүүдэд алдаж байсан түүхтэй. Мөн Ираны Пехлев угсааны хаадын мэдэлд тус бүр 50-100 каратын 3380 ширхэг очир алмаас, 369 ширхэг сувд, 5 ширхэг маргад эрдэнэ байсан түүхэн баримт байна.
Өнөөгийн Мехико хотод очсон Испанийн байлдан дагуулагчид сувдаар чимсэн мянга мянган аварга шүтээнүүдийг хараад гайхан биширч байснаа тэмдэглэсэн байдаг ба Энэтхэгийн Жахангарын хааны хувцасны тухай Английн аялагч Т.Роу 1616 онд “ Хаан толгойдоо дэглий шувууний саглагар өдөн тоорцог өмсчээ. Тоорцогны дээд талд нь боргоцойны дайны бадмаараг, нөгөө талд нь мөн хэмжээний засмал алмааз, нүүрэн талд нь зүрхний хэлбэртэй маргад шигтгээстэй. Бүсэндээ сувд, бадмаараг зэргийг унжуулж, хүзүүндээ урьд өмнө огт хараагүй маш том сувдан сондор зүүжээ” хэмээн бичиж үлдээжээ.
Түүхээс гадна хамгийн сонирхолтой гэж хэлж болохоор нь алдарт жанжин Македоны Александр Энэтхэгийг дайлахдаа Грекийн гүн ухаантан Аристотелийн зөвлөснөөр хамгийн түрүүнд хар сувдаараа алдартай Сокотр арлыг эзэлсэн гэдэг. Тэгээд тэндхийн хар сувдны гоо үзэсгэлэнг гайхан биширч, түүнийг цагаан, үл мэдэг ягаан туяат сувдтай ижилсүүлэн Грекрүү явуулсан бөгөөд түүнээс хойш хаа сайгүй тийм цуглуулга тарсан гэдэг.
Гоо үзэсгэлэн, мөнхийн тачаангуй байдлаараа эрх мэдэл, эд баялгийг өөртөө татаж, дэлхийн түүхэн дэх гайхамшигт эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор үнэлэгддэг Египетийн Клеопатра Ромын нэрт жанжин Марк Антонийд дэлхийн хамгийн үнэтэй үдийн зоог барихаар амласан бөгөөд найрын төгсгөлд амласнаа биелүүлэхээр хундаганд гоёмсог том сувдан ээмгээ хийж, уруулдаа хүргээд өргөн барьж жанжинг алмайруулж байжээ. Энэхүү үйл явдлыг Италийн нэгэн зураач бүтээлдээ мөнхрүүлсэн байна.
Энэтхэг , Хятадын элдэв гоёл чимэглэлүүд нь түүхэнд тэднийг гангарах, хувцаслах тал дээр ихээхэн мэдрэмжтэй байсан гэдгийг харуулдаг бөгөөд надад бол эртний Ромын язгууртнууд тэднээс дутахааргүй гоёл чимэглэлийг гайхалтай хослуулан гангардаг байсан юм шиг санагддаг . Тэд сувдаар хувцсаа төдийгүй биеийнхээ бүх хэсгийг гоёх моод дэлгэрч, Юлий Цезарь өөрийн эх Марк Брутдаа нэг сая хоёр зуун мянган франкийн үнэтэй сувд бэлэглэж, Аврелий хаан титмээ сувд болон бусад үнэт эдлэлээр чимэглэсэн нь түүний чихийг хүртэл далдалж байсан гэдэг.
XII-XII зуунд рыцарь эрчүүд бий болсон үеэс Европд сувдан гоёл дахин дэлгэрч, хаад түшмэд сувдан хундагаар дарс зооглож, Шекспирийн “Гамлет” жүжигт гардаг шиг дарсанд сувд дүрж уудаг “маяг” гэх үү, моод гэх үү гарсан байна.
Кристофер Колумб 3 дахь удаагаа “Шинэ ертөнц”-с буцан ирэхдээ Венесуэл улсын эрэг дагуугаас түүсэн шуудай дүүрэн сувдаа авчирснаас хойш Панам, Калифорнийн усан тохой дээрэм, тонуулын бай болж, Франц, Итали, Англичууд өөр хоорондоо өрсөлдөн сувд худалдан авдаг болжээ. XVI зуунд Францын хатан хаан Екатерина Медичийн инжний сувд Европтоо хамгийн шилдэгт тооцогдож байсан гэдэг. Тэрээр түүнийгээ Шотландын Мария Стюарт хатан хаанд бэлэглэсэн нь хожим Английн 1-р Екатерина хатан хааны өмч болжээ. 1-р Екатерина хатан хаан өвдөгт нь хүрсэн 7 сувдан зүүлтээ байнга зүүж, 3000 сувдаар чимсэн даашинзаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд ихэвчлэн өмсдөг байжээ.
XIX зууны дундаас шинэ хөрөнгөтнүүд бий болсноор очир алмааз хөлгүй чинээлэг байдлын бэлгэдэл болсон ч ганган хатагтай нар сувдыг бахархалаа болгосон хэвээр байсан гэдэг. XX зууны эхээр сувдан чимэглэлийн нэр хүнд ахин өсч, үнэт эдлэлийн дэлгүүрүүд төдийгүй баян чинээлэг иргэд сувданд гар татахаа больсон байна.
Сувд өнөө үед сонгодог гоёл хэвээр байгаа бөгөөд алдарт Коко Шанель “Сувд бол өөгүй төгс” гэж үзээд түүнийг ямарч эмэгтэйн ямарч хувцсанд тохирох ардчилсан гэж хэлж болохоор гоёл болгож чадсан юм.
К.Шанель өөрөө ч сувдаар гангарах дуртай нэгэн байсан бөгөөд сувдаар гоёх дуртай алдарт эмэгтэйчүүдийг жагсаавал Клеопатра, Мэрилин Монро, Диана гүнж, Элизавет Тейлор, Жаклин Кенниди, Мила Йовович, Камерон Диаз гээд бүгд л гангарах дуртай.
Сувдан гоёлын чанар нь түүний хэлбэр, үнээс шууд хамаардаг бөгөөд сүүлийн үед таримал сувд өргөн дэлгэрч байна.
Сувдан сондорын төрөл
Коллар: хүзүүнд зүүдэг. Викторианы хийцийн гоёмсог сондор нь 30-32 см урт, 2 юмуу түүнээс олон эгнээтэй байдаг. Задгай энгэртэй цамц, даашинз өмссөн үед зүүхэд тохиромжтой гэж үздэг.
Чокер: нэг эгнээ бүхий сонгодог сувдан сондор ямарч хүзүүнд сайхан зохидог гэдгээрээ эмэгтэйчүүдийн таашаалд илүү нийцдэг. Бас ямарч үед үүгээр гангарч болно.
Гүнж: махлагдуу хүзүүнд зүүхэд үнэхээр гайхалтай харагдуулдаг. Ихэнхдээ 42-47см урт ийм сондрыг чулуун шигтгээ, унжлагатай хослуулбал илүү сайхан харагддаг байна.
Матинэ: 50-60см урт ийм сондор ажил хэргийн хувцсанд илүү тохиромжтой.
Дуурь: “хатан хааны” ч гэж нэрлэдэг. 42-47см урттай сувдан сондор нь нэг эгнээтэй, түүнийг бас 2 эгнээ болгон эвхэн “чокер” шиг хэрэглэж болно.
Роуп: К.Шанелийн цуглуулгын хамгийн гол чимэг байсан байна. 112см урттай тийм сувдан сондорт нь далд шилбэ хйисэн байдаг бөгөөд түүнийг хэд хэдэн эгнээ болгон эвхэн зүүх боломжтой.
Эх сурвалж: Inflight magazine.

No comments: