Өөрийн мэдэлгүй зүгээр л юм бичмээр санагдсан.
Эхлээд ээжийн тухай бичих гэж үзсэн.
...ээжээ би тандаа мөнхийн рашаан өгье гэж өчнөөн бодовч энэ орчлонд лав тийм юм байдаггүйг мэдсэн... ингээд л цаашаа үг орж ирээгүй.
Хайрын талаар бичье гээд ингэж эхлүүлсэн.
...чи намайг үргэлж догдлуулдаг.
Хацар дээр минь зөөлөн үнээд өндийхөд чинь би сэрсэн байсан ч сэрээгүй юм шиг нүдээ аниад, ахиад үнсэхийг чинь хүлээдэг... бас л болоогүй.
Дараа нь би ингэж бичсэн.
Ертөнцөд би өөрийнхөөрөө байх эрхгүй
Ер нь би ч биш ертөнц ч өөрийнхөөрөө байх эрхгүй
Жамаараа ертөнцөд өвөл ирхэд “хүйтэн” байна гэж хүмүүс зүхдэг. Жаварт нь даарсандаа биш угаасаа хүйтэн сэтгэлээс нь нарны элч багасч холдход даардаг...ингээд л дуусчихсан.
Би бичих их дуртай. Өөрт тохиолдсон эсвэл тохиолдоогүй зүйлээ бодоод бичих дуртай.
Харин өчигдөр орой би юм бичмээр санагдсан ч яг юу? гэдгээ мэдэхгүй байсан. Хүсэл байгаа ч зорилго байхгүй өөртөө дургүй хүрсэн.
Дэлхий гэх гараг нар гэх одыг олон тербум жилийн турш тойрч эргэхийн чухам зорилго нь өөрийгөө гэрэлтүүлэн, дулаацуулах байсан.
Дээд тэнгэр, доод газар гэж хүн нэрлэхийн учир хөлөө толгойноосоо ялгахад байсан. Гэтэл надад юу ч алга.
Өнөөдөр яагаад өчигдрөөс ялгагдах ёстойг, маргааш яагаад өнөөдрөөс илүү байх ёстойг би мэдэдгүй. Зүгээр л би өнөөдөр дуусвал маргааш эхэлнэ гэдгийг, өнөөдөр ороогүй хичээл маргааш орно гэдгийг л мэддэг.
Яг одоо надаас яагаад амьдарч байна? гэвэл ээж төрүүлчихсэн болохоор гээд, юуны тулд амьдарч байна? гэж асуувал үхэхийн тулд гээд ямарч хувиралгүй хариулах байх.
“Хүн мөнгө олохын тулд эрүүл мэндээ золиослоод, эргээд эрүүл мэндээ олохын тулд мөнгөө золиослож байна” гэж хэлсэн нүдний шилтэй, халзан толгойтой хүнийг би харсан. Ядаж л түүний яриад байгаа хүмүүс намайг бодвол зорилготой л байна. Гэтэл надад үрэгдээд дуусахаас хойш мөнгө олох сонирхол алга, үхээд мартагдахаас хойш эрүүл байх ч шаардлага алга.
Өдөр хичээлээ тараад өөрийн дотно гэх найзтай уулзна. Сайхан зантай байвал инээж, энд тэндхийн юм ярина. Ааш нь хөдөлсөн үед нь дуугүйхэн сууж кофе уугаад сална. Яагаад түүнтэй уулзаж байгаагаа, яагаад өдөр өдрийн аашинд нь тохируулах гэж өөрийгөө зовоож байгаагаа ойлгодоггүй.
Тансаг ресторанд орж үдшийг зөвхөн чамтай өнгөрүүлэх дуртай. Хүсэж байсан тансаг үдэш хэрүүл, хардалтаар төгсдөгт гайхдаг. Хүсэл биеийг минь хөтөлж тэнд аваачсан ч бодол, сэтгэлийг минь хөтлөх зорилго байгаагүй.
Миний харах битгий хэл сонсох ч дургүй, харвал бүр үхэн үхтлээ айх “сүнс” гэх зүйл хаа очиж надаас дээр. Биеийг нь хөтлөх хүсэл бас бодол сэтгэлийг нь жолоодох зорилго түүнд байдаг. Үхэгсдийн ертөнцөөс хүний биеийг олж замбуу тивд мэндлэх. Тийм байхад хүний биеийг олон, бодол санаа, сэтгэл мэдрэмжийн нэгдмэл цогцос болсон би зорилгогүй хөвж явна. Яг л хүний ертөнцийн хоосон сүнс мэт. Зорилготой хүмүүст би харагддагүй. Би хоосон “бие” юм чинь. Өөртэйгээ ижилхэн зорилгогүй, хоосон хөвөгч хэн нэгэнд би их тод харагддаг. Ийм л нэг сүнс ч биш, хүн ч биш би...
Хүслээрээ амьдардаг хүн сайхан ч зорилго, ухамсар байхгүй бол тэр орь ганцаар гаднаасаа төрийн зүгээс үнэгүй олгодог форм өмссөн хүнээр мануулаад, амьдралын эцсийн зорилгоо хэн нэгнээр хүчээр заалгана.
Үгүй бол эхнэр эсвэл нөхөр гэх нэрээр холбогдсон хэн нэгнээр өдөр нь арчаагүй, тэнэгээрээ дуудуулж, шөнө нь дотроосоо оргилох их хүслээ боолгуулж, өөрийгөө өрөвдөж, харамсана.
Юу ч бодолгүй, өндөрт жингүйдэж байгаа мэт амьдрах сайхан ч дэлхийн татах хүч чамайг доош нь зулгааж, нэг л өдөр хамаг эрхтэн чинь салаад үхлүүт мэт хэвтэхийг чинь хүлээх болно.
Зорилго, ухамсар сайхан амьдарч, сайхнаар түүнийгээ төгсгөхийг хүсдэг хүнд хамгийн чухал.
“Яаж ч үхсэн яахав” гэж боддог хүнд нь дээрх бүгд огт хамаагүй, уншаад үнэтэй цагаа үрчихсан бол өршөөгөөрэй.
No comments:
Post a Comment