Thursday, July 30, 2015



Цагдаагийн алба хаагчдад эерэг харилцаа бий болгоход  нөлөөлөх аргууд

Ямарч хүнтэй эхэлж уулзахдаа зөөлөн намуун дуугаар элэгсэг дотно мэндэл. Тэр гэм буруутай эсвэл нийгмийн доогуур түвшний хүн байсан ч та түүнтэй эелдэг харилц.
Ярилцлагын үр дүнгийн 55% нь та ярилцагчид төрүүлсэн анхны сэтгэгдэл, 38% ярианы өнгө төрх, харин зөвхөн 7 хувь нь юу ярьж байгаагаас шалтгаалдаг гэдгийг анхаарч ямарч үед өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж харилцаарай.
Таны ярианы анхны хэдэн өгүүлбэр ярилцагчийг яриагаа үргэлжлүүлэх эсвэл зогсоох сонголтыг хийхэд хүргэдгийг сана. Хүмүүс анх авсан мэдээлэлдээ сүүлд авсан мэдээллээс илүү итгэдэг.
  Аль нэг зүйлд санаа зовсон, яарч бачимдсан, эсвэл бие физиологийн хэрэгцээгээ тэвчиж суугаа ярилцагч саруул сэтгэдэггүй. Хүнтэй зөв харилцая гэвэл бүх зүйл “хэвийн” үедээ харилцаарай.
Хүмүүс шүүмжлэл сонсонгуут сэтгэж эхэлдэг. Шүүмжлэлийг эсвэл гэм бурууг нь үглэж яншихгүй, чанга дуугаар харааж бухимдахгүй зөвөөр ойлгуулаарай. Хашгирч хэлсэн үгнээс илүү шивнэж хэлэх нь зүрхэнд хүрдэг гэдэг. 

Та төрийн нэрийн өмнөөс иргэнд үйлчилгээ үзүүлж, тэднийг хамгаалдаг. Харин айлгаж, сүрдүүлдэг, гэм бурууг нь үглэж яншиж ойлгуулдаг тэдний ээж биш.
Таниас тусламж хүсч асуулт асуусан хэнтэй ч болов инээж харилц. Инээхгүй байхдаа хүн хумсаа нууж байдаг гэсэн үгийг сана. Та эерэг харилцвал таны өмнөөс мөн эерэг харилцаа ирэх болно.
Үнэхээр хичээгээд ойлголцохгүй, тийм байдалтай байгаад та бухимдаж байвал дараа дахин уулзалт товло. Яарвал даарна гэдэг.

Хүмүүс таны хувцас, мөрдөс, албан тушаалыг хараад таныг “дээрэнгүй” гэж шууд дүгнэх нь элбэг байдаг. Гэтэд түүний буруу гэдгийг та эхний ганц мэндлэх үгээрээ өөрчилж болдог.
1Таныг өмнө гомдоосон, таны тухай сөргөөр энд тэнд ярьж байдаг хүнтэй харилцахдаа та үл ойшоосон, өс санасан, үндсэндээ сөрөг гэж хэлж болох бүх харилцааны хэлбэрийг гаргадаг. Гэтэл чихээрээ сонсхоос илүү нүдээрээ харсан нь илүү. Таныг хичнээн гутаан доромжилж гомдоосон ч та эерэг харилц. Сайхан сэтгэл, сайн санаа бүхнийг ялдаг шүү дээ. Магадгүй 3 жилийн дараа тэр таныг ямар сайн хүн байсныг ойлгох болно. Тэгээд таныг илүү хүндэлнэ.
Хувийн асуудал, өвчин зовлон, ажил дээрх таагүй явдлаа бусдад тэр бүр битгий ярь. Нэр хүндтэй явъя гэвэл нэрэлхүү байж сур гэдэг.
Дулдуйдсан төрх, зохиомол инээд, дүр эсгэсэн нөхөрсөг байдлаар хуурамч зан бүү үзүүл. Та сэтгэлээ эерэг болговол энэ бүгд мөн эерэг бөгөөд чин сэтгэлийнх болно.
Таныг сөргөөр үнэлдэг хүнийг эерэгээр үнэл. Тэгэж байж та түүний буруу ойлголтыг засч чадна.
Өөрийгөө таньж мэд. Таньд олон сайхан чанар бий бөгөөд түүнийгээ таньж мэдсэнээр өөртөө итгэлтэй болж, аливаад өөртөө итгэлтэй хандах болно
Ажил, амралтаа зөв төлөвлө.  Аливааг цаг хугацаанд нь хийж байх таньд хуримтлагдсан ажил үүсгэхгүй, амралтын өдрөө хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжийг олгох болно. Амралтаа ажил шигээ төлөвлөж, цаг хугацаагаа зөв төлөвлөх нь стрессээс сэргийлэх сайн арга болж чадна. Зарим үед цаг хүрэхгүй бол хойш нь тавь. Сайн төлөвлөж чадвал та бүхнийг амжуулж чадахаас гадна стресс бухимдалгүй эерэг зөв харилцаатай байж чадна.


Эерэг бодлоос эерэг сэтгэл хөдлөл, эерэг харилцаа үүснэ. Та хамгийн зөв харилцагч байгаарай.

Ашигласан материал: 
1. Цэдэн-Иш И. Цагдаагийн алба хаагчийн ёс зүй. УБ., 2004
                            2. Мягмарцэрэн Ш, Бумнанжид Ж. Харилцах урлаг. УБ., 2003
                            3. МУИС, ЦА. Сэтгэхүйн сёл, түүний төлөвшилтийн онол практикийн  асуудалд. УБ., 2001 





No comments: