Ээжээ би дүүд мөөмөө өглөө, миний хүүхэлдэйг тэр шүлс болголоо, бас намайг өөрөө эхэлж цохичихоод өөрөө уйлчихсан. Дараа нь намайг та 2 загнасан. Манай гэрт үнэхээр "шудрага бус" хүмүүс байна гэж би бодсон хэмээн 5 настай охиныхоо хэлсэн үгийг ярихдаа инээмсэглэж, бас бага зэрэг өхөөрдөнгүй ярьж байгаа эмэгтэйн яриаг сонсохдоо би тэр хүүхдийг өрөвдсөн юм. Түүнийг хайж байгаа "шудрага ёс" гэдэг аваад идэж болохгүй, өмсөөд явж болохгүй хэрнээ ямар чухал зүйл байдгийг би өдөр бүр гэрийнхээ хаалгыг хаагаад гарахдаа мэдэрдэг билээ.
Намайг анх төрөхөд л сонсогдож байсан энэ зүйлийг би нилээн хожуу 16 нас хүрээд дөнгөж гүнзгий мэдэрснээ эхлээд ярих хэрэгтэй байх. Анги болгонд байдаг нэг тийм ганган хэрнээ онц сурдаггүй, авъяасгүй хэрнээ дур сонирхолтой, өөртөө итгэлтэй хүүхдүүд байдаг даа. Уг нь би өөрийгөө яаж ч бодсон түүнээс илүү сайн сурдаг гэж бодож байтал тэр төгсөлтийн шалгалтанд надаас 10 хувиар илүү үнэлгээ авсан юм. Аав нь ирээд багшийг хоолонд оруулсанд бүх учир байгааг би мэдсэн ба түүнээс хойш би "шудрага ёс" гэдгийг их хайсан даа. Харин манай аав, ээж 2 хүчээр эцэг, эхийн хуралд оролцдог, нийгмийн идэвхгүй, намайг маш сайн хүүхэд гэж итгэх маш их итгэлээс өөр зүйлгүй хүмүүс байлаа. Гэхдээ би тэр хоёртоо тийм байсанд нь одоо маш их баярладаг бөгөөд намайг хүний гар харсан, өөртөө итгэлгүй, шудрага бус хүн болгоогүй нь нэг талаар сайшаалтай юм. Нэг талаар гэдэг нь хэтэрхий шудрага царайлдгаасаа болоод би олон удаа ганцаардаж байснаа далим гаргаад хэлмээр байна. Өсвөр насны хүүхдийн хувьд "шудрага ёс гэдэг нь хүн сурсныхаа хэрээр үнэлэгдэж, тэр үнэлгээ нь ресторанд ороод өөрчлөгддөг зүйл биш" гэж ойлгогдож байсан бол 22 настай эмэгтэйд бүр өөр сэтгэгдэл төрүүлсэн. 22 настай Их сургуулийн оюутан надад "шудрага ёс гэдэг нь ерөөсөө байж болшгүй, хүний хийсвэр төсөөлөл, хаана ч хэзээ ч байдаггүй хоосон үг" гэж санагдсан юм. Энэ тухай бичих нь надад маш таагүй сэтгэгдэл одоо ч төрүүлсээр байдаг ба товчхондоо "чи бүх зүйлийг чаддаг байж болно, гэхдээ чи мөнгөтэй бол юу ч чаддаггүй байж болно" гэсэн хэт гутранги ч юм шиг бодол төрүүлсэн үйл явдал болсон.
Хэдэн жилийн өмнө " шудрага л байцгаая л даа" гэдэг уриаг бүх нийтээрээ ярьж байхад надад анх удаа их сайхан сэтгэгдэл төрсөн бөгөөд "орон бүрийн пролитари нэгдэхтүн" гэдэг шиг сүртэй бөгөөд гүнзгий сэтгэгдэл төрүүлж байлаа. Даанч энэ уриа үгийг ид яригдаж байхад би шудрага хүн эсвэл шудрага бус хүн гэдгийг ялгадаг болсон "ажилчин" болчихсон зогсож байсанд л миний азгүй гэх үү, хөөрхийлэлтэй гэх үү хувь заяа оршин байгаа юм.
"Долоогч нар минь ингэж амьдархаар Донор болж үх" гэдэг үгийг олон нийтийн сүлжээнээс уншаад би тэр даруй түгээсэн билээ. Учир нь би өдөр бүр, цаг мөч бүрт энэ үгийг өрөөнийхөө үүдэнд хадмаар санагддаг байсан юм. Инээж явдаг хүн надад их дулаахан сайхан сэтгэгдэл төрүүлдэг, би ч юм л болвол инээх дуртай ч албан тушаалын зэрэглэлээс хамаарч өнгө нь өөрчлөгддөг инээдийг дандаа харж суудгын хувьд их ой гутам санагддаг. Гэхдээ би заримдаа "өөрөө тэгэж долигнож чадахгүй байж долигнож чадаад илүү үнэлэгдэж байгаа хүнд би атаархаад байна уу даа" гэж бодогддог л юм. 26 настай ажилчин надад "шудрага ёс гэдэг нь чанарт нь тохируулж үнэлэх, гэхдээ хэнийг ч ялгалгүй жигд хүртээмжтэй урамшуулал" гэж ойлгогдож байлаа. Хэрвээ би дээрх 5 наст шиг байсан бол дүүтэйгээ мөчөөгөө өгөхгүй үзэлцэх байсан бөгөөд шүүгч нь ээж, миний өмгөөлөгч аав байх байсан. Харин 26 настай надад шудрага ёсны өмгөөлөгч байхгүй ба стрессээ гартал ярьдаг хэдэн найзууд минь л байсан юм.
Хэрвээ би өөдрөг бус үзэлтэн, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхагч байсан бол амжилттай ажилтан байхын тулд байнга хэн нэгний тухай хэн нэгэнд мууг нь ярь, өөрөөсөө өндөр албан тушаалтантай өдөрт 16 удаа утсаар ярьж, өвлийн идшийг нь өг, болж өгвөл хувийн амьдралын золгүй бүхнээ даргадаа ярьж өрөвдүүл, тэгээд өөрөөсөө доор албан тушаалтнуудтай хэзээ ч битгий хүн шиг харьц гэж хэлэхсэн. Даанч төрөлхөөсөө гэх үү, тэнэгээсээ гэх үү хэт өөдрөг үзэлтэн би амжилттай ажилтан байхын тулд амжилтгүй ажилтан бай л гэж зөвлөе. Сар бүр та цалингаа нэмүүлэхгүй ч байсан болно, зүгээр л урдах ажлаа хий. Төрийн тэргүүнээсээ төмөр медаль зүйхгүй ч байсан болно, тэтгэвэрт гарсны чинь дараа хамт олон чинь "манай хүн ч шууд хэлээд хаячдаг шудрага гар байсан шүү" гэж хэлнэ. Ямар ч гавьяа шагналаас илүү үр удамдаа үнэлэгдэх, өөр шигээ тэднийг хүмүүжүүлэх, бүгд биш ч чамайг үнэлдэг цөөхөн хүн байхад болно доо болно, бороотой зуны үдэш ирнэ ээ гээд жижигхэн бичвэрээ дуусгая.
No comments:
Post a Comment