Энэ явдал эхэлхээс өмнө би өөрийгөө харьцангуй бие
даасан, энэ талаар туршлагатай, бас ч гэж хагацал салалтыг даван гарах хүчтэй
гэж бодож байлаа. Гэвч миний бодсон шиг байгаагүй юм.
16 насандаа би орцонд дуулалдаж, анхны хайр, анхны
үнсэлтийг мэдэрч, үеийн хөвгүүдээс захиа авч, улаа бутран гүйж үзээгүй билээ.
Нууцхан болзоо, анхны хайрыг найзууд минь хүсэн мөрөөдөж байхад харин би Их
сургуулийг л дотроо юу юунаас илүү хүсдэг байсан. Өөрийнхөө өсвөр нас ба оюутан
үеийн тухай би олон юм яримааргүй байна. Учир нь маш хурдан бөгөөд жаргалтай
өдрүүд цахилгаан галт тэрэг шиг л урсаад өнгөрсөн юм. Харин би амьдралынхаа 6
жилийг энд ярих гэсэн юм. Тодруулбал өөрийн анхны бөгөөд сүүлчийн хайрын тухай.
2 хүнтэй үерхэж байсан ч би зүгээр л дурласан байсан
гэдгээ тэр 6 жилийн эхний 1сард ойлгосон юм. Харин тэр хүнд би дурласан бас
хайралсан, гэхдээ бүр үнэн сэтгэлээсээ. Миний сэтгэлийн хамгийн мухрын харанхуй
өрөөг нээж үзсэн ч түүний л тухай бодол байх байлаа.
Тэр сайхан залуу байгаагүй. Миний төсөөлөн боддог
байснаас тэс өөр хүн байсан. Гэхдээ гадаад төрхийн хувьд л шүү. Харин дотоод
сэтгэл нь яг л миний төсөөлж байсан, хайж явсан тэр минь байлаа. Яагаад ч юм
намайг шөнөжин тэвэрч хонохыг, намайг өчүүхэн төдий өвдхөд л тэврээд уйлах
хүнийг, асуулгүй надад амттай юм авч өгөхийг, гол нь надгүйгээр ганц ч өдрийг
төсөөлж чададгүй байхыг би хүсдэг байлаа. Тэр тийм л хүн байсан.
Дэврүүн мөртлөө ул суурьтай, гэнэн бас хашир, хатуу мөртөө миний хажууд дэндүү
халуун дулаан.
Тэрэнтэй яаж энэ их хайрыг эхлүүлсэн бас түүнийгээ
дуусгасан тухай би яримааргүй байна. Хайртай мөртлөө хамт байж чаддаггүй хүмүүс
байхад хамт байдаг мөртлөө хайргүй хүмүүс байдаг. Хэрэв бид хоёр хамт байсан
бол үр хүүхдүүдээ өсгөж, тэднийхээ төлөө завгүй хөдөлмөрлөж, хөдөлмөрлөхийнхөө
хажуугаар нэгнээ маш ихээр үргэлжид үнэнчээр хайрлах байсан. Хайр зүгээр л
үнсэлт биш, хайр бас зүгээр л хамт байх биш, хайр хүүхэд төрүүлэх биш. Хайр бол
халамж, хайр бол хамт байх гэж бүхнээс зугатах зориг, хайр бол хамаг найдвараа
алдаж хагацах болсон ч сүүлчийн удаа тэврэх, хайр бол зүгээр л түүнийхээ
жаргалтай инээмсэглэлийг харах хүсэл.
Сүүлийн удаа би түүнийг явуулахдаа урд өмнө гаргаж
байгаагүй зэрлэг араншин гаргасан. Намайг хараад тэр уйлж байсан. Энэ бүхэнд
тэр өөрийгөө буруутай гэж бодож байсан. Одоо ч би тэр царайг санаж байна. Харин миний хашгирч,
чаралж, хамаг байдгаа авч шидэлж, үсээ зулгааж, өөрийгөө урж, хямдхан нүүрний
будгууд минь хоорондоо холилдож байсныг тэр дурсдаггүй байх. Тэр миний өглөө
сэрээд үнсдэг байсныг минь, шөнө унтахдаа заавал “хайртай шүү” гэж хэлдэг
байсныг минь, өөрийн гараар чихэр
задлаад хүчээр амруу нь хийдэг байсныг минь санадаг байх. Би тэгээсэй гэж хүсч
байна.
Хэрвээ болдог бол одоо ч чам дээрээ очоод хамгийн сүүлчийн
зүрхний цохилтоо цохилж дуустал хамт баймаар байна, “хайртай” гэж хэлсэндээ
эзэн болмоор байна. Даанч...
Сүүлчийн уулзалтын дараах өдрөөс би тэс өөр хүн болсон
юм. Надад инээх шаардлага гардаггүй байлаа, учир нь би хүсдэггүй байсан. Уйлах
хэрэгцээ харин байсан ч би мөн л хүсээгүй. Салалтын дараа эмэгтэйчүүд үсээ
тайруулдаг бол харин би ургуулаад л байсан. Сэтгэл нэг л дутуу болохоор дүүргэх
гэсэн юм. Намайг юу ч тайвшруулаагүй. Ер нь тайвшрах шаардлага ч байгаагүй.
Учир нь би юуг ч хүсээгүй, юуг ч мөрөөдөөгүй. Би зүгээр л энэ ертөнцөд байсан.
Тэр надаас холдсоноос хойш, эсвэл би түүнээс холдсоноос
хойш хэн хэн нь жаргалтай амьдраагүй. Бид зүгээр л жаргалтай мэт байсан.
Хайр зүгээр л үнсэлт биш, хайр бас зүгээр л хамт байх
биш, хайр хүүхэд төрүүлэх биш. Хайр бол халамж, хайр бол хамт байх гэж бүхнээс
зугатах зориг, хайр бол хамаг найдвараа алдаж хагацах болсон ч сүүлчийн удаа
тэврэх, хайр бол зүгээр л түүнийхээ жаргалтай инээмсэглэлийг харах хүсэл.
Анхнаасаа төгсгөлийг нь мэдсэн бол битгий эхлүүлээрэй.
Хайр хамгийн эмзэг. Чиний оюун санаа, хүч чадал бүх зүйлийг бүтээгүй хайр сорон
авдаг. Тэр бүхний эцэст чи хэн ч биш, хоосон оршихуй. Яг над шиг эсвэл яг түүн
шиг минь...