Saturday, April 16, 2011

Нууц амраг чинь болохгүй

Хайртай гэж мянгантай хэлээд хэрэггүй ээ
Хажууд минь чи насаа элээх биш дээ
Гэргийгээсээ хулгайлсан энхрийллээ
Гэнэтийн бэлэг болгож надад бариад хэрэггүй ээ
Гэгээн наран доор ямар намайг хөтлөөд алхах биш
Гэзэгний минь үнэрийг санадаг гэж санаа алдаад нэмэргүй ээ
Гэнэн зүрх минь итгэчихээд дагаад шаналхын нэмэр
Амттай үгийн хачираар сэтгэлийг минь хураад хэрэггүй ээ
Аягалаж өгөх цайг минь өглөө бүр уух биш
Орчлонгийн сайхан бүхнийг надад амлаад хэрэггүй ээ
Охин тэнгэрийн сахиусыг минь чи адислах биш
Үгийн сайхан бүхнээр сэтгэлийг минь урвуулж хэрэггүй ээ
Үйлийн хоёр баганы нэгийг ямар түшилцэх биш
Үе үехэн санадаг амраг чинь байсан дорвол
Үгээн ирлэж хурцлаад өштөн чинь болж хувирья
Хааяа хааяахан учирдаг амраг чинь байсан дорвол
Хайраа сэвтээж орхиод


Хохирогч нь болж үлдье
Нөмгөн дээлээ хөдрөөд хагацлын шүлэг тэрлэхдээ
Нүглээс айсан сэтгэлээ ганцаардлын торонд цоожильё
Нэхэл хатуутай учирлын гашуун энэ сургамжыг
Нөгөө хэдэн шүлэгтэйгээ хамт
Номынхоо хуудсанд мөнхөлье
Нүгэл буяны заагаар чамтай хөтөлцөж алхахгүйгээс хойш
Нүдэнд дулаахан эхнэрийн чинь нулимасыг нь би уухгүй ээ
Нэг л заяах тавиландаа нүглийн сүүдэр тусгаж
Нууц амрагийн зовлонг насаараа би эдлэхгүй ээ
Сэм сэмхэн учирдаг амраг чинь байсан дорвол
Сэрж мартаад дурсагдах хагцал чинь болж хувирья
Гэнэ гэнэхэн учирдаг амраг чинь байсан дорвол
Гэрэлт нарны дор гэмшил чинь болж дурсагдья

No comments: